Э.Бат-Үүл "С.Зориг агсны аллагад холбоотой" гэх мэдээллийг шалгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ“Ноцтой мэдээ” сонины 34 дэх дугаарт нийтэлсэн “Хотын захирагч Э.Бат-Үүл С.Зориг агсны аллагад холбоотой” гэх мэдээллийг хуулийн байгууллагад шалгуулахаар болжээ. Энэ тухай түүний өмгөөлөгчид мэдэгдлээ.
Өмгөөлөгч Б.Алтанхуяг ярихдаа, ““Ноцтой мэдээ” сонины 34 дэх дугаарт “17 жилийн дараа хэрэг илэрлээ” гэдэг гарчигтай нийтлэл гарсан. Эл нийтлэлд долоон хүний нэр дурдсаны нэг нь манай үйлчлүүлэгч Э.Бат-Үүл юм. Тухайн мэдээллийг бусдын нэр төрд халдсан, гүтгэлгийн шинжтэй гэж дүгнэж байна. Үйлчлүүлэгч Э.Бат-Үүл хуулийн байгууллагад хандах шийдвэр гаргасан. С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбогдуулан Э.Бат-Үүлийг 17 жилийн өмнө хууль хяналтын байгууллагаас шалгасан. Тухайн үед шалгаад хэрэгт холбогдолгүйг тогтоон, сэжигтнээр тооцсоныг хэрэгсэхгүй болгосон. Шалгаж тогтоосон асуудлаар тухайн хүний нэр хүндэд халдсан нь түүний гэр бүлд сэтгэл санааны хохирол учруулж байна. Хуулийн өмнө нийтлэл бичсэн хүн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох ёстой. Хэрэв нотолж чадахгүй бол хариуцлагаа хүлээх зохицуулалт Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд бий” хэмээн онцлов.
Б.Заяа