Голомт банкны шинэ байрны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 12:44:39

Монголын банк санхүүгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банкны хамт олон Ховд салбарынхаа шинэ байрны нээлтийг хийж, үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

Нээлтийн ёслолд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Голомт банкны Сувгийн удирдлагын газрын захирал У.Хосжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд, Голомт банкны Ховд салбарын захирал С.Эрдэнэчимэг нар болон эрхэм харилцагчид оролцов.

Тус банкны Ховд салбар нь аймгийн хэмжээнд орон сууцны зээлийн 33 хувийг дангаар олгож, ЖДҮ эрхлэгчдээ дэмжин Чингис бонд, 888 төсөл, Жайка, Азийн хөгжлийн банкны бага хүүтэй, урт хугацаатай төслийн зээлд хамруулах ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн нь орон нутгийн хөгжилд дэмжлэг, санхүүгийн гол түлхэц үзүүлж ирсэн юм.

Шинэ байрны нээлтийн ёслолын үеэр Голомт банкны Сувгийн удирдлагын газрын захирал У.Хосжаргал “ Монгол Улсын алслагдсан баруун хязгаар Ховд аймаг нь БНХАУ-тай хиллэдэг байнгын үйл ажиллагаатай Ярант, Байтагийн боомт болон Хөшөөтийн нүүрсний уурхай, Халзан Бүргэдтэйн ховор металл бүхий томоохон уурхайнуудтай, мөн Ховд Их Сургууль үйл ажиллагаагаа явуулдаг, барилгын үйлдвэрлэл өндөр хөгжсөн зэрэг онцлог давуу тал ихтэй аймаг. Ирэх 2016 онд тус аймагт Цагаан нуур-Ярантын боомтыг холбосон олон улсын зэрэглэлийн автозам ашиглалтад орох тул түүнийг дагасан транзит ачаа тээвэр зэрэг бизнес нэмэгдэнэ. Нэг үгээр хэлбэл Ховд аймаг нь Монгол Улсын хөгжлийн тулгуур төв болон хөгжиж буй тул орчин цагийн бизнес эрхлэгчид, иргэд харилцагчдын хувьд тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн банк санхүүгийн шилдэг шуурхай үйлчилгээ хамгаас чухал” гэдгийг онцоллоо.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ