Хоёр Солонгос хэлэлцээрт хүрсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-14 09:59:15

КЭСОН. /Yonhap/. Өмнөд болон Умард Солонгос хооронд ховорхон болдог өндөр түвшний уулзалтын үеэр хоёр улсын харилцааг сэргээх хэлэлцээрт хүрээгүй бөгөөд Солонгос хоорондын харилцаа бүрхэг хэвээр байна гэж Сөүлийн албаны хүн хэллээ.

Хүмүүнлэгийн томоохон асуудлуудын нэг болох хуваагдсан гэр бүлүүдийн асуудлыг шийдэх асуудлыг Өмнөд Солонгос нэн тэргүүнд тавьсан гэж Сөүлийн ахлах төлөөлөгч, Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн сайдын орлогч Хван Бу Ги хэлсэн юм.

Гэвч хариуд нь аяллын хөтөлбөрийг ахин сэргээхийг Умард Солонгос шаардаж, уг асуудлыг хэлэлцэхээр ажлын түвшний уулзалтыг тусад нь хийх тухай Өмнөд Солонгосын саналыг хүлээж аваагүй гэж тэрбээр мэдэгджээ.

“Кумган уулын аяллын хөтөлбөрийг сэргээх зэрэг үндсэн асуудлыг хэлэлцэхээс Өмнөд Солонгос татгалзсан" гэж Умард Солонгосын “KCNA” агентлаг мэдээлсэн байна.

Цөмийн туршилт явуулж, пуужин харвасан Пхеньянд НҮБ хориг арга хэмжээ авсан тул, валютын орлого олохын тулд аяллын хөтөлбөрөө сэргээхийг Сөүлд Умард Солонгос удаа дараа санал болгосон билээ.

2008 онд Өмнөд Солонгосын эмэгтэй жуулчныг Умард Солонгосын цэрэг буудан хөнөөснөөс хойш Кумган уулын аяллын хөтөлбөрийг зогсоосон юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ