Керри: Орос, Туркийн харилцаа саад учруулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-11 14:21:44

ВАШИНГТОН. /Sputnik/. Сирийн хямралыг улс төрийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг Москва, Анкарагийн сэв суусан харилцаа ярвигтай болгохгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв.

“Улс төрийн үйл явцын хүрээнд хоёр улс бүтээлчээр урагшилж байна. Хурцадмал байдал, ялгаа бий боловч улс төрийн үйл явцын хүрээнд урагшлахыг оролдох хариуцлагыг Орос, Турк хүлээсэн” гэж Төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Сирид энхийг тогтоох явцад саад учруулж буй томоохон бэрхшээлүүдийн нэг нь Орос, Туркийн харилцаа эсэх талаарх асуултад “үгүй, тийм биш” гэж Керри хариулсан байна.

Туркийн агаарын орон зайд нэвтэрлээ гэж Оросын “Су-24” байлдааны нисэх онгоцыг Туркийн сөнөөгч онгоц буудан унагасны дараа Москва, Анкарагийн харилцаа муудсан билээ. Оросын бөмбөгдөгч онгоц Туркийн агаарын хилийг зөрчөөгүй гэдгийг Оросын Жанжин штаб болон Сирийн Агаарын хамгаалалтын командлал нотолсон юм.

Сирид энхийг тогтоох тухай гурав дахь хэлэлцээг 12 дугаар сарын 18-нд Нью-Йорк хотод олон улсын хэлэлцэгчид хийнэ гэж Керри мэдэгдсэн.

Х.Аминаа


 

Холбоотой мэдээ