Одонтой ээжүүд “Mrs Mongolia World- 2018” улсын уралдаанд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-06 14:10:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Алунгоо эх" ТББ, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо, ЗГХА Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран Одонтой ээжүүдийн дунд “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдааныг зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээллээ. 
Уралдааныг зохион байгуулагчид “Бид зөвхөн гадаад төрх бус саруул ухаан, мэдлэг чадвар, эерэг хандлага гэх мэт дотоод гоо үзэсгэлэнг гол шалгуураа болгож буй бөгөөд ялагчийг энэ сарын 12-ны 18 цагаас ДБЭТ-ын концертын их танхимд тодруулна. Шүүгчид болон оролцогчдын мэдээллийг одоогоор өгөх боломжгүй. Ялагчийг тодруулах үеэр бүх мэдээлэл ил болно хэмээн "Алунгоо Эх" ТББ тэргүүн Алдарт эхийн I,II одонт  ээж Л.Гантуяа хэллээ. 
Уралдаанд 68 одонтой залуу ээж бүртгүүлснээс сүүлийн шатанд 30 ээж шалгарсан. Хамгийн залуу оролцогч 27 настай 4 хүүхэдтэй бол хамгийн олон хүүхэдтэй нь  8 хүүхэд төрүүлж өсгөсөн 38 настай оролцогч байна. Бид улс эх орныхоо хүн амын тоог ихэсгэж, зөв хандлагатай, зөв нийгэмд уриалахын тулд уг уралдааныг зохион байгуулж байна” хэмээн тэд онцлов.
Энэхүү уралдааны ялагч “Гоо ээж” алтан эрдэнийн өргөмжлөл, титэм болон “Mrs World”  буюу дэлхийн гоо ээжийн уралдаанд монгол улсаа төлөөлөн оролцох эрхтэй болно. Есөн эрдэнийг бэлгэдэж 9 ээжийг шалгаруулна. Мөн тусгай байр эзэлсэн ээжүүдийг  Оюунлаг, Хүмүүнлэг, Авьяаслаг, Үзэсгэлэнт гоо ээжээр шалгаруулах юм. Зөв гэр бүл, зөв хүүхэд, зөв нийгэм уриатай тус уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Ингэхдээ 25-40 насны бүх гэрлэсэн ээжүүдийн дунд явуулахыг зохион байгуулагчид дуулгав.


 
                                                                                     Б.Халиун 
Related news