Бусаны Аялал жуулчлалын газрын “ВТО Улаанбаатар” Төлөөлөгчийн газар нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Busan tourism organization /BTO/ буюу Бусаны аялал жуулчлалын газрын “BTO Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газар энэ сарын 28-ны өдөр “Блу Скай” цамхагт албан ёсоор нээлтээ хийлээ.
“ВТО Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газар нь Блу Скай зочид буудлын 5 давхарт үйл ажиллагаа явуулна. БНСУ-ын хоёр дахь том хот болох Бусан хотын захиргааны харъяа байгууллага болох BTO нь гадаадын жуулчид Бусан хотыг зорин ирэх болон аялан зугаалах таатай нөхцөл боломжоор хангах, жуулчдын сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хангах талаар нэгдсэн бодлого зохицуулалтыг гаргаж ажилладаг тус хотын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Уг байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд “BTO Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Монгол Улстай “эмчилгээ + аялал жуулчлал” болон , “алжаал тайлал + аялал жуулчлал” -ыг холбосон эрүүл мэндийн аялал жуулчлал/ЭМАЖ/ болон wellness аялал жуулчлал- ыг хөгжүүлэх тал дээр маркетингийн төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллах бөгөөд энэ нь хоёр талын эмнэлэг, эрүүл мэндийн салбар болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагыг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх , хэрэгцээт мэдээ мэдээллээр тогтмол хангах сайхан боломж бүрдэж байна.
“BTO Улаанбаатар” Монгол дахь төлөөлөгчийн газар нь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор дотоодын эмнэлэг эрүүл мэндийн байгууллага болон эмнэлэг жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг улсын болон хувийн аж ахуйн нэгж байгууллага, аутбаунд буюу гадаaдад аялагч илгээх эрх бүхий аялал жуулчлалын байгууллагын хүрээнд ЭМАЖ болон wellness аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд дараах үйл ажиллагааг явуулна.
Тухайлбал, Бусан хотын аялал жуулчлалын гол бүс болон эмнэлэг эмнэлгийн байгууллагатай танилцах маркетинг аялалд хамруулах, Бусаны ЭМАЖ-ын танилцуулга олон улсын арга хэмжээ болон ижил чиглэлээр зохион байгуулж буй хурал цуглаанд хамтран ажиллагч байгууллагаа дэмжин оролцуулах юм. Мөн Монголд Бусаны ЭМАЖ-ыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулахаас гадна уг чиглэлээр талууд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хийгдэх гэрээ хэлэлцээр төрөл бүрийн бизнес уулзалт, тус чиглэлээр зуучлах болон хүлээн авагч байгууллагын төлөвлөгөө мэдээ мэдээлэлтэй танилцан сонголт хийх сонирхол бүхий үйлчлүүлэгчдэд хандсан уулзалтуудыг зохион байгуулж дэмжин ажиллана. Үүнээс гадна нийгэм рүү хандсан хүмүүнлэгийн сайн үйлсийн аян өрнүүлж Бусан хотод үнэгүй эмчилгээ, оношлогоонд хамруулах юм.
Дашрамд сонирхуулахад, Монгол Улсаас БНСУ-ын Бусан хотод суугаа Консулын газар 2016 оны 2 дугаар сараас үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Эйр Бусан ХХК хотуудын хооронд шууд нислэгээ 6 дугаар сард /долоо хоногийн Мягмар , Баасан гаригт нислэг үйлдэнэ/ эхлүүлэн 2 хотын иргэд харилцан зорчих боломжийг нээсэн юм. Мөн 2016 оны 8 дугаар сарын 3-5 нд Бусан хотын захирагч СО Бёнсү Улаанбаатар хотноо айлчилж, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурснаар хоёр хотын хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурснаар Бусан болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжих эхлэл болсон билээ.
Өнгөрсөн оны 2 сард BTO /Бусан хотын аялал жуулчлалын газар/ нь МИАТ ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Улаанбаатар-Бусан чиглэлээр нэмэлт нислэг /долоо хоногийн Пүрэв, Бямба гараг/ нээснээр аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих нэн таатай нөхцөл бүрдсэн. Улмаар 2017 оны 12 сард Монгол Улсын ЭМЯ болон Бусан хот хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулагдаж, харилцан танилцах маркетинг аялалд хамруулах болжээ.
Д.Өлзий