“Монгол, Хятадын анхдугаар экспо” эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2015-10-23 16:16:48

Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол, Хятадын анхдугаар экспо” өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо эхэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Хятадын Коммунист Намын Төв Хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд хатагтай Лю Яньдун, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар нар оролцож байна. Мөн БНХАУ-ын Худалдааны яам, Гадаад харилцааны яам, Худалдааг дэмжих хороо зэрэг үндэсний холбогдох яам агентлагийн удирдлага, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, зарим муж хот болон ӨМӨЗО-ны удирдлага, холбогдох мэргэжлийн холбоо болон томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцож байна. Түүнчлэн Монгол Улсын талаас УИХ-ын зарим гишүүд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд, Аж үйлдвэрийн яам зэрэг холбогдох салбарын удирдлагууд, зарим аймаг, хотуудын удирдлагууд, Үйлдвэр худалдааны танхим зэрэг худалдааны нийгэмлэгийн төлөөлөгчид оролцов.

Нээлтийн ажиллагааг нээж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат үг хэлэв. Тэрбээр хэлэхдээ, “Монгол Хятадын ард түмэн бол мөнхийн хөрш, сайн түншүүд билээ. Хоёр орны харилцаа уламжлалт соёл, хүмүүнлэг, худалдаа эдийн засгийн чиглэлд улам батжиж байгаагийн нэгээхэн том дэвшил   нь өнөөдөр нээлтээ хийж буй Монгол-Хятадын анх удаагийн  экспо юм.

2000 жилийн тэртээгээс  эхлэлтэй  Хятадын эртний Хан улсын нийслэл Сияань хотоос гараалан  эхэлж ЕвроАзийг дорно, өрнө, өмнө, умардыг холбосон  “Торгоны их зам” XIII зуунд манай их эзэн Чингис хаанаас улбаалан түүчээлж, түүний ач хүү  Их Юань улсыг үндэслэгч  Их хаан Хубилайн чөлөөт худалдаа усан тээврийн замаар үргэлжлэн өнөөдрийн XXI  зуунд БНХАУ-ын санаачилгаар “Шинэ торгоны зам” хэмээх тив дамжсан дэлхийн үндэстний дөрөвний гуравыг хамарсан нийгэм, соёл, эдийн засгийн  хамтын ажиллагаа болон идэвхжиж байна.

Энэхүү үйл явцад Монгол Улс “Талын зам”, БНХАУ-Монгол Улс-ОХУ-ын  “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохиролцсон нь хоёр орны ард түмэнд  үр өгөөжөө өгч, амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.

БНХАУ-ын эдийн засгийн хөгжил хөрш зэргэлдээ Монгол Улсын хувьд ихээхэн боломж бололцоог нээж өгч байна. Гадаад орнуудаас Монгол Улсад  оруулж буй хөрөнгө  оруулалтыг БНХАУ тэргүүлж ирснийг энд  тэмдэглэхэд таатай байна.

2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин,  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотноо “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг  хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”  гаргасан явдал нь  хамтын ажиллагааны ашиг тусыг ард иргэд, залгамж хойч үедээ хүртээх түүхэн боломжийг олгож  байгааг  тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Энэхүү арга  хэмжээг санаачлан зохион байгуулсан  БНХАУ-ын Засгийн газар болон ӨМӨЗО-ны Засгийн газарт талархал илэрхийлье.

Монгол-Хятадын экспо арга хэмжээ цаашид уламжлал болон хөгжиж, бэхжихийн хэрээр хоёр улсын ард түмний харилцаа улам батжина гэдэгт итгэлтэй  байна” гэв.

Энэхүү экспо энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.

Хөх хот. Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Related news