ОБЕГ: Амарч зугаалахдаа уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байхыг зөвлөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай, Өвөрхангай, Булган аймгийн залгаа нутгаар өнөөдөр бороо үргэлжлэн орж, уулархаг нутгаар өмнөх хоногоос харьцангуй сэрүүсэж +16-+21 градус дулаан байна.
Гэнэтийн эрчим ихтэй борооны улмаас гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрддэг тул гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Мөн нөөлөг салхи нь борооны бөөн үүл, аадар хур тунадас, аянга цахилгаан ажиглагдах үед гэнэт богино хугацаагаар салхины хүч эрс ширүүсэх үзэгдлийг хэлдэг. Иймд нөөлөг салхитай үед салхины чиглэл тогтворгүй, хурд жигд бус буюу 18-25 м/с түүнээс их байж болдог байна. Тиймээс бороо орж байгаа үед сонор сэрэмжтэй байх нь өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах юм.
Энэ сарын 14-нд
нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн
аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.