Б.Батдэлгэр:Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг хууль бусаар хүлээлгэн өгсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-30 16:25:43

“Бүрэн цутгамал” компаниас Сант сургуулийн өргөтгөлийн барилгыг хууль бусаар Улсын комисс хүлээн авсан хэмээн мэдээллээ.

Бүрэн цутгамал компаний ерөнхий захирал Б.Батдэлгэр “Манай компани 2013 оны зургадугаар сард Сант сургуулийн өргөтгөлийн байр барих 2.1 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Гэрээний дагуу барилгын бүх гүйцэтгэлийг бид хариуцан хийх ёстой байсан ч  барилгын ажил 85 хувьтай явж байхад сургуулийн удирдлагууд дотор сантехникийн ажлыг өөр компаниар хийлгэнэ хэмээн бидний гэрээг цуцалсан.

Хийсэн ажлынхаа хөлсийг авах гэтэл чанаргүй  барьсан хэмээн шүүхэд өгсөн юм. Гэтэл шүүхийн маргаан шийдвэрлэгдээгүй байхад чанаргүй гэсэн барилгаа ашиглаж эхэллээ. Сурагчдын эцэг, эх Улсын комисс хүлээж аваагүй барилгад хичээл явуулж буйг эсэргүүцэж гомдол гаргасан гэсэн. Харин ажил гүйцэтгээгүй компанийг ерөнхий гүйцэтгэгч хэмээн хууль бусаар улсын комисст хүлээлгэн өгсөн.  Энэ өргөтгөлийн барилгын ажилд “Голомт констракшн” гэдэг компани ганц ширхэг ч тоосго, шавар, өрлөгө хийгээгүй. Гэтэл ийм компанийг гүйцэтгэгч  хэмээн бидний хийсэн ажлыг булаан, хууль зөрчин улсын комисс тухайн барилгыг хүлээн авлаа. Ингэж хууль бусаар бусдын хийснийг булаан авч байгааг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сундуй нарт албан бичгээр хандсан. Асуудлаа шүүхээр шийдвэрлэ гэсэн хариу авсан. Эндээс Монгол Улсын Барилгын тухай хуулийг мөрдөхгүйгээр ажиллаж болдог гэсэн жишээг харж болохоор байна” гэлээ.

М.Аминаа

Related news