Б.Ганчимэг: Монгол-Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд гаргахад МОНЦАМЭ хамтран ажиллахад бэлэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-30 14:42:44

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзав.

Элчин сайд Суреш Бабу уулзалтын эхэнд МОНЦАМЭ агентлагийн  хамт олон хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлье. Манай Элчин сайдын яам МОНЦАМЭ агентлагтай олон жилийн харилцаа холбоотой ажиллаж ирсэн хэмээн тодотгов.

МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг “МОНЦАМЭ агентлаг  96 жилийн түүхтэй Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллага. Монгол Улсын хувьд эдийн засгийн хүндрэлтэй үетэй нүүр тулж байгаа ч агентлагийн үйл  ажиллагаа тасралтгүй өрнөж байна. Монголын төрийн мэдээллийн гол бааз МОНЦАМЭ агентлаг  Монгол Улсыг гадаадад сурталчлах үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн. Манайх 21 аймагт сурвалжлагчтай, нийт 100 гаруй ажилтантай. Таван хэлээр мэдээлэл бэлтгэн гадаад ертөнцөд түгээж байна. Миний бие өнгөрсөн 10 дугаар сард тус агентлагийн даргаар томилогдон ирсэн. Хэвлэл мэдээллийн салбарт 20 гаруй жил сэтгүүлчээр ажилласан туршлагатай. Таныг манай агентлагт морилон ирсэнд баяртай байна” гэв.

 Харин Элчин сайд Суреш Бабу “Манай улс олон зууны өмнө Монгол Улстай  найрсаг харилцаа тогтоож ирсэн. Энэ олон жилийн  харилцааг бэхжүүлэхийн тулд би Элчин сайд хэмээх албыг хашиж байна. Монгол-Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 62 жилийн ой энэ жил тохиож байна. Хоёр орны харилцаа шашны салбарт нэлээн хөгжсөнийг та бүхэн мэдэж байгаа. 2015 оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди  Монголд айлчилснаар хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд хүргэсэн. Энэ хүрээнд Монголын үндэсний агаарын тээврийн МИАТ компани Шинэ-Дели, Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэхээр судалж байна. Хэрэв шууд нислэг үйлдээд эхэлбэл хоёр орны харилцаа бүх салбарт өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа. Үүнийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа МОНЦАМЭ агентлагийн үүрэг их юм. Энэтхэгийн төрийн PTI агентлагийн хувьд МОНЦАМЭ агентлагаас  залуу байгууллага. Танай агентлаг бол маш олон жилийн түүхтэй, он удаан жил үүргээ нэр хүндтэй авч явааг дэлхий нийт мэднэ. Үүнд танай агентлагийн  үе, үеийн ажилтнуудын хөдөлмөр шингэсэн. Манай PTI агентлагтай МОНЦАМЭ агентлаг хамтран ажиллахад бид дэмжинэ" гэлээ.

Мөн үеэр “Энэтхэгийн PTI агентлаг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай 2002 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ирэх жилүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хоёр орны түүх, соёлыг жирийн иргэдэд таниулан хүргэхэд МОНЦАМЭ агентлаг анхаарч ажиллана хэмээн Гадаад мэдээний ерөнхий редактор Я.Индра онцлов.

МОНЦАМЭ агентлагийн хувьд цаасан болон цахим хэлбэрээр мэдээллээ дотоод болон дэлхий нийтэд хүргэж байгаа. Цаашид аль болох цахимжуулахад анхаарч ажиллаж буйг Мэдээлэл технологи, үйлдвэрлэлийн газрын дарга Б.Бат-Өлзий  илэрхийлсэн юм.

Уулзалтын төгсгөлд МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг, “Энэтхэг улсын  Элчин сайдын яамнаас манай ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэхэд дэмждэгт талархалтай байдаг. Манай 10 гаруй ажилтан англи хэл, сэтгүүл зүй, мэдээлэл, технологийн чиглэлээр Энэтхэг улсад суралцаж мэргэжил дээшлүүлсэн.

Монгол дахь үе, үеийн элчин сайд нар манай ард түмэнд элэгтэй болоод зогсохгүй зүрх сэтгэлээ үлдээгээд буцдаг. Манай орны түүх соёлтой танилцах замд тань МОНЦАМЭ агентлаг галт тэрэг болж таны монголд өнгөрөөх он жилүүдийн түүхийг бичилцэхэд, Монгол, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд гаргахад манай агентлаг хамтран ажиллахад бэлэн” гэлээ.

 Ийнхүү хоёр талын харилцааг бататгахад хэвлэл мэдээллийнхний үүрэг их бөгөөд цаашид  худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэх нь чухал гэдэгт талууд санал солилцсоноор уулзалт өндөрлөсөн юм.

Уулзалтад МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Дотоод мэдээллийн ерөнхий редактор Т.Наранмандухай, Тамгын газрын дарга Д.Отгонбаяр нар оролцов.

Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news