Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр 16 давхар барилга барьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-26 18:41:22

 Хан-Уул дүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьж ашиглалтад өглөө.

 Өнөөдөр оршин суугчид  шинэ  байрныхаа түлхүүрийг нь гардан авсан юм. 2014 онд Нэхмэлийн гэх тодотголтой байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн Улсын мэргэжлийн  хяналтын дүгнэлт гарснаар  дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Нутгийн буян групп” ХХК шалгарчээ.

 Хотын дарга С.Батболд ярихдаа,  “Улаанбаатар хотын удирдлагын  зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг иргэдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлан, тэдэнтэй хамтарч, дэс дараатайгаар дахин төлөвлөж, шинэ орон сууцанд оруулах  ажлаа үргэлжлүүлнэ. Дахин төлөвлөлтийн энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж,  барилгын ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж буй компаниудын нэг нь “Нутгийн буян групп” ХХК юм. Бид компаниудаа зөв сонгож, иргэдийн оролцоог хангаж чадвал богино хугацаанд иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлдгийг өнөөдрийн үйл ажиллагаа илэрхийлж байна" гэлээ.

Нэг жилийн өмнө оршин суугчидтай гэрээ байгуулж байсан нь ийнхүү ажил хэрэг болсон байна.

 М.Аминаа

Related news