Усанд автсан айлуудын асуудлыг шийдвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБаянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутагт булгийн ус халиа үүссэнээс зарим айл усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэнийг бид өмнө нь мэдээлсэн.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт урсдаг булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган айлууд бууснаас үүдэн булгийн ус халин тухайн хэсгийн айлууд усанд автаж гамшгийн түвшинд хүрээд байсан.
Энэ тухай НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга А.Дашнямаас тодруулбал, “Энэ сарын 12-ны өдөр нийслэл, дүүргийн Онцгой комиссын ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт ундарч байгаа булгийн 2250 куб усыг соруулах, түр босгосон шороон даланд үүссэн мөс болон Амгалан дулааны станцын хойд хэсгийн далангийн 1688 куб мөсийг зөөвөрлөн Улиастайн гол руу тээвэрлэн зайлуулах ажлыг гүйцэтгэлээ. Ийнхүү ажилласны үр дүнд усанд автсан байшингийн хэсэг болон Амгалан дулааны станц руу усны халиа урсах эрсдэл багассан” гэв.
Б.Заяа