Хаяг шошгоны зөрчилтэй болон хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг хураав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-23 12:06:26

Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар /МХГ/ шинэ жилийн баярыг угтан Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд нэг сарын аяныг зарласан байна. Үүний хүрээн аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүд болон эмийн сангуудад хяналт шалгалт хийжээ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд 26 эмийн сан, Баруун-Урт суманд таван эмийн сан, хоёр эм ханган нийлүүлэх төв байдаг. Харин 400 гаруй худалдааны газар байдаг бөгөөд үүний 160 орчим нь аймгийн төв дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээрээс тогтмол үйл ажиллагаа явуулдаг, үйлчлүүлэгч ихтэй байдаг 15 дэлгүүр, есөн эмийн санд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад хугацаа нь хэтэрсэн, хаяг шошгоны зөрчилтэй бараа бүтээгдэхүүн маш их гарсан байна.

Шалгалтын явцад хамгийн нийтлэг ажиглагдсан зөрчил бол амархан муудаж болзошгүй  сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, хүүхдийн каш иогурт, майонез зэрэг бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт бус ил задгай зарах явдал их ажиглагдлаа. Ялангуяа өндгийг бүх газар ил задгай худалдаж байна. Уг нь өндгийг мөн хөргүүртэй газар тавих ёстой. Тиймээс иргэд маань өөрсдөө давхар хяналтыг маш сайн тавьж, шаардаж байхаас гадна тухайн худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болоод дуусах хугацааг харж хэвших хэрэгтэй хэмээн аймгийн МХГ-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч М.Өлзиймөнх хэллээ.

Савлагаатай цай, бэлэн гоймон, хатаасан жимс,гурилан боов, бохь, чавга, иштэй чихэр, хүүхдийн каш, бинт хөвөн, тамедины уусмал, тариа, эм гээд дотоодын болон гадаадын хугацаа нь дууссан, хаяг шошгоны зөрчилтэй 40 гаруй нэр төрлийн, нэг сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг шалгалтын үеэр хураан авсан байна. Хураасан барааг Баруун-Урт сумын устгалын комисст, эм эмнэлгийн бүтээгдэхүүнийг аймгийн устгалын комисст хүлээлгэн өгч устгуулах юм байна.

Т. Одончимэг

Related news