Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажил 90 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-01 10:24:48

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр Нэгдсэн эмнэлэг барих ажлыг 2021 онд оны наймдугаар сард эхлүүлж байсан билээ. Өнөөдөр тус эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд  2024 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Нэгдсэн шинэ эмнэлэг нь зоорьтой таван давхар, А, Б хоёр блок барилгаас бүрдэх 200 ортой,  давхар бүр нь 3000 м.кв талбай бүхий нийтдээ 12000 м.кв талбайг хамарна. Эмнэлгийн гадна талд 100 машины авто зогсоол, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, амрах талбай бүхий иж бүрэн тохижилттой.


Энэ эмнэлэг нь дүүргийн иргэдэд үндсэн долоон мэргэжлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд дэлхийн жишигт нийцсэн MPI аппарат зэрэг нийт 149 нэр төрлийн 652 ширхэг тоног төхөөрөмж худалдан авчээ. Харин үлдсэн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2024 оны дүүргийн төсөвт суулгахаар ажиллаж байгаа аж.


Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат”, ерөнхий гүйцэтгэлийг “Ванхүү” компани гүйцэтгэж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Related news