Итали Улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-25 12:03:55

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жованна Пиккарретаг өчигдөр хүлээн авч уулзлаа.


Элчин сайд хатагтай Пиккаррета хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг сэргээж, идэвхжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлж болох зарим арга хэмжээний талаар санал солилцов. Тухайлбал, хавдар судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг Италийн нэр хүндтэй олон улсын төвийн эрдэмтэн профессоруудыг Монгол Улсад урьж хамтарсан хурал зөвлөгөөн зохион байгуулах, Монгол, Италийн эмч мэргэжилтнүүд монгол орны алсалсан орон нутгийн иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэх, хоёр улсын Эрүүл мэндийн яамд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах зэрэг чиглэлээр ажиллах боломжтойг онцлов.


Мөн Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Элчин сайдын дэвшүүлсэн хамтын ажиллагааны санал, санаачилгыг талархан дэмжиж буйгаа дурдаж, Итали Улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах бусад боломжийн талаар сайтар судлан ажил хэргийн шугамаар холбогдож шуурхай ажил хэрэг болгохад анхаарч ажиллах талаар ЭМЯ-наас мэдээлэв.


 

Related news