БНХАУ-тай уламжлалт анагаах ухаан, эмчилгээний шинэ технологийн чиглэлээр хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэн Миньжуанийг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Элчин сайд хатагтай Шэн Миньжуан хятадын уламжлалт анагаах ухааныг өрнийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж байгаа БНХАУ-ын төрийн бодлогын хэрэгжилт, ололт амжилт, туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ өвчнөөс сэргийлэх, хянах тогтолцооны чиглэлээр тус улсын хуримтлуулсан туршлага, мэдлэгээс хуваалцах, алсын зайнаас оношилгоо, эмчилгээг хүргэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг дурдав.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн БНХАУ-ын эрүүл мэндийн салбар болон анагаах ухаан хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглээд, тус улсын анагаах ухаанаас ололт дэвшлээс суралцаж, хамтдаа хөгжих чиглэлд нээлттэй ажиллах болно. Ялангуяа уламжлалт анагаах ухааны чиглэлд туршлага мэдлэгээ харилцан хуваалцах, халдварт өвчинтэй тэмцэх, оношилгоо, эмчилгээний шинэ технологи, арга зүйгээс суралцах, эрүүл мэндийн ажилтны чадавхыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсронгуй болгоход туршлага судлах зэрэг чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Мөн талууд эрүүл мэндийн салбарын хамтын
ажиллагааг бэхжүүлэхэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хоорондын шууд хамтын
ажиллагаа чухал болохыг онцолж, үүнтэй холбогдуулан хамтын
ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн батлах чиглэлээр ойрын хугацаанд шуурхай
ажиллахаар болжээ.
Related news

