MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Сүрьеэгээс шалтгаалсан нас баралтыг 95, шинэ тохиолдлыг 90 хувиар багасгах зорилт дэвшүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-14 15:25:04

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны тоонд багтаж, жилд дунджаар 3000 гаруй тохиолдол, 150-200 нас баралтын тохиолдол бүртгэдэг болохыг албаныхан тогтоожээ.


Дэлхий дахинд шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан асуудал хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ өвчин юм. Монгол Улс 2025-2028 онд хэрэгжүүлэх “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г танилцуулах уулзалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулжээ.


Уулзалтад УИХ-ын гишүүд, холбогдох яам, агентлаг, аймаг нийслэлийн засаг дарга, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах түвшний 300 гаруй хүн оролцов.  


ДЭМБ-ын гишүүн орнууд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар “Сүрьеэг устгах дэлхийн стратеги”-ийг баталж, тархалтыг эцэс болгох, 2035 он гэхэд нас баралтыг 2015 оныхтой харьцуулахад 95, шинэ тохиолдлыг 90 хувиар бууруулах, сүрьеэгийн улмаас санхүүгийн дарамтад өртөж буй өрхийн эзлэх хувийг тэглэх зорилтыг дэвшүүлсэн байна.


Манай улсад сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэн хянах чиглэлээр 1994 оноос хойш долоон удаагийн үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэсний хэмжээнд мөрдөх томоохон бодлогын баримт бичигтэй уялдуулан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь тусламж үйлчилгээний анхан шатанд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлж, өргөжүүлэхээс гадна бүх шатны эрүүл мэндийн байгууллагад энэхүү өвчнийг заавал мэдээлэх тогтолцоог хөгжүүлэхээрээ онцлогтой аж. Мөн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний хяналтад шинэ технологи нэвтрүүлэхээс гадна олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тандалт, өвчтөн төвтэй тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын хяналт сэргийлэлтийг бэхжүүлэх юм байна. Түүнчлэн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээнд бүрэн хамруулах, сүрьеэгээс улбаалсан ядуурал, зардлын дарамтыг арилгах зорилготойг албаныхан танилцууллаа.


Ингэснээр эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, сүрьеэгийн илрүүлэлтийн түвшин нэмэгдэхээс гадна эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, санхүүжилтийг  үе шаттай нэмэх ажээ. 








Related news