ГССҮТ “Цукуба” их сургуультай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136 @gmail.com
2025-10-07 10:02:47

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, “Цукуба” их сургуулийн Амьдралын хэв маяг, инновац, судалгаа хөгжлийн төвийн захирал Хисаши Ёошимото нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Санамж бичиг нь эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхжуулах урт болон богино хугацааны сургалт, ажлын байранд дадлагажуулах зэргийг өргөжүүлэх зорилготой.

 

Энэхүү хамтын ажиллагаа нь харилцан солилцоог бэхжүүлэх, клиник болон академик чадавхийг сайжруулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд дараах чиглэлээр хамтрах юм. Тухайлбал,

-Харилцан сонирхлын хүрээнд хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх;

-Сонгогдсон аймаг, дүүргүүдэд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэх;

-Академик судалгааны ур чадварыг сайжруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны сургалтын хөтөлбөр, ажлын байран дахь дадлагыг багтаасан сургалтуудыг зохион байгуулах;

-Мөн харилцан тохиролцсоны үндсэн дээр эмнэл зүйн сургалтын боломжуудыг судлах, хөгжүүлэх юм.

 

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Япон улсын талаас “Цукуба” их сургуулийн Олон улсын нийтийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч, “Нийтийн эрүүл мэндийн докторын хөтөлбөр”-ийн захирал Ичикава Масао, тус сургуулийн судлаач, доктор Г.Гэрэлмаа болон ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Л.Дагвадорж, Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг тэргүүтэй албадын удирдлага, Статистик тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

 

ГССҮТ болон Япон улсын “Цукуба” их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн тэнхим 2016 оноос хойш осол гэмтлийн шалтгаан, тархалтыг тогтоох, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг судалгааг хийж, олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, үр дүнд суурилсан урьдчилан сэргийлэх интервенц хэрэгжүүлэх байдлаар хамтарч ажиллаж ирсэн юм.

 

Related news