Буцалтгүй тусламжаар ирж буй тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-06 16:11:11

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-ын тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлах нь зөв гэж үзлээ.

Гадаад улсын Засгийн газар болон ТББ-аас Монгол Улсын их, дээд сургууль, эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг буцалтгүй тусламжаар өгдөг. Гэвч тоног төхөөрөмжийг хилээр нэвтрүүлэхэд  гаалийн болон НӨАТ төлөх шаардлага үүсдэг бөгөөд энэхүү хөрөнгийг Засгийн газрын Нөөц сангаас гаргадаг байжээ. Иймд НӨАТ-ын тухай болон Төсвийн тухай хуульд бүх шатны боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагуудад буцалтгүй тусламжаар ирж буй тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгасан хэмээн Сангийн сайд Б.Болор хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.

Тэрбээр, Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй НӨАТ-ын тухай хуульд гадаад улс, ТББ, олон улсын буяны байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжаар авсан бараа бүтээгдэхүүнийг албан татвараас чөлөөлнө гэж заасан байна. Гэхдээ энэ нь байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс үүдсэн хохирлыг арилгах, Монгол Улсын Засгийн газар бусад улсын Засгийн, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хүлээн авсан барааг татвараас чөлөөлөхөөр заасан. Харин эмнэлэг, боловсролын газарт буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмж дээрх заалтад хамаардаггүй тул Засгийн газар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж үзсэн” гэлээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.

Ч.Ариунболд

Related news
Comments