БАЯН-ӨЛГИЙ: БШУЯ-наас боловсролын байгууллагуудад хяналт-шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-26 14:53:17

Өлгий /МОНЦАМЭ/. БШУ-ы сайдын 2023 оны 227 дугаар тушаалаар байгуулсан Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар болон нийт боловсролын байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт, дотоод аудит хийх үүрэг бүхий ажлын баг энэ сарын 24-ний өдрөөс тус аймагт ажиллаж байна.


Ажлын багийг БШУЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Н.Нарангэрэл ахалж байгаа ба бүрэлдэхүүнд нь Салбарын хяналтын газрын дарга Л.Төгсбаяр, Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч А.Мөнх-Оргил, Боловсролын ерөнхий газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Чинтогтох нарын 24 хүн байна.


Ажлын баг Баян-Өлгий аймгийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлага болон багшлах боловсон хүчний нөөц, ёс зүй, багшийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, тэгш хамруулан сургах, хүүхэд хамгаалал, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ, хангамж, төсөл хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүн, төсвийн гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлт, тайлан баланс, батлагдсан орон тоо, бүтэц, цалин, нэмэгдэл хөлс, хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэгт хяналт шалгалт хийнэ.


Хяналт шалгалт энэ сарын 30-ны өдөр үргэлжлэх бөгөөх нэгдсэн дүгнэлт, цаашид авах арга хэмжээний саналыг БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд танилцуулах аж.

Related news