ГОВЬ-АЛТАЙ: Малчид арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-11 10:57:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Алтайн малчдын түншлэл-88” төсөл хэрэгжүүлэх малчдын төлөөлөл зарим аймгийн арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцаж, туршлага судална. 


Тодруулбал, 2022 оны 11 дүгээр сард “Алтайн хөгжлийн гарц, шийдэл” малчдын зөвлөгөөнийг Алтай хотод зохион байгуулж, тус аймгийн 88 багийн 3000 гаруй малчин чуулсан. Зөвлөгөөний үр дүнд зах зээлд үнэгүйдээд байгаа арьс шир, ноос ноолуур, мах, сүү сүүн бүтээгдэхүүний анхан болон дунд шатны үйлдвэрүүдийг орон нутагт байгуулахад малчдын хөрөнгө мөнгийг хувьцаа (IPO) хэлбэрээр оруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгож, малчид орлогоо нэмэгдүүлэх санаачилга гарсан. 

Ийнхүү тус санаачилга төсөл болж хэрэгжиж, 88 багийн төлөөлөл болсон малчид нэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд Өвөрхангай, Төв аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг арьс, нэхий, сүүн сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдтэй танилцахаар нэгдүгээр сарын 10-нд Алтай хотоос хөдөлсөн юм.

Уг үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, ХХААГ, Инновац судалгаа, бизнес хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулж байна.


Related news