Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 12:21:05

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд салбар бүрт зээл, тусламж олгохоос илүүтэйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд анхаарч ажиллахыг сайд нарт үүрэг болгожээ.

Тэрээр  сайд нарт хандаж, салбар бүртээ зээл тусламж гэхээсээ илүүтэй гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахыг тэргүүлэх чиглэлээ болгон, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн бүх худалдан авалт, үйлчилгээг зөвхөн монгол төгрөгөөр хийх, энэ чиглэлийг хууль тогтоомжийг биелэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Түүнчлэн оны эхэнд баталсан 2016 оны төсөвт тусгасан хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, түр зогсоод байгаа билээ. Тиймээс хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны төсвийн тодотголд тусгахыг Сангийн сайдад үүрэг болгожээ. Мөн Татварын хяналт шалгалтаар акт тогтоосон аж ахуйн нэгжүүдийн төлбөрөө төлөх хугацааг сунгах, хаагдсан дансыг нь нээж өгөхийг даалгасан байна. Одоогоор төсвийн тодотголыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж эхлээд байгаа юм.

Мөн ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээлийг иргэдэд шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгажээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдад гадагшаа гарч буй мөнгөний урсгалд хяналт тавих, өмнө нь гарсан мөнгөний урсгалд шалгалт хийж, сэжигтэй эх үүсвэртэй хөрөнгийг эргүүлэн татаж, холбогдох албан тушаалтанд нь хариуцлага тооцохыг үүрэг болгов.

Ч.Ариунболд

Related news