УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн хуралдаанд оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар энэ сарын 24, 25-нд Вена хотноо болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын ассамблейн 21 дэх өвлийн хуралдаанд оролцлоо.
Хуралдаанаар
улс төр, аюулгүй байдал, эдийн засаг, шинжлэх ухаан,
технологи, байгаль орчин, ардчилал,
хүний эрх, хүмүүнлэгийн асуудал хариуцсан 3 хороо хуралдаж, холбогдох
асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн
Ерөнхийлөгч Маргарета Седерфэлттэй уулзаж, олон улсын аюулгүй байдлын өнөөгийн
тогтолцоонд үүсээд буй шинэ нөхцөл байдалд ЕАБХАБ-ын Парламентын ассамблей эерэг, эвийг эрхэмлэсэн, тал
талын эрх ашгийг тооцсон шийдэл, үүрэгтэй оролцохын чухлыг онцолжээ.
Мөн тэрбээр Их Британийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Жон Виттингдэйл, Францын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Сэрэн Мүборн, Болгарын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Искрен Митев, Словакийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Петер Осуски, Гүржийн парламентын төлөөлөгчдийн тэргүүн Николос Самхарадзе нартай тус тус уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.