Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам аравдугаар сард ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-02-23 14:28:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.


Мөн уг ажлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.


Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Уг төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. 

Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ.



Засгийн газрын хуралдааны товч мэдээ:

· 2022 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, тайланг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд үүрэг болголоо.

· “Эрдэнэт үйлдвэр”-ийн эд хөрөнгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нарт даалгав.

· Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран байгуулсан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тус түншлэлд одоогоор 13 орон гишүүнээр нэгдэж ороод байна.  

· Олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг тус хорооны даргад даалгав.

· Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонг 2022 оны гуравдугаар сарын 7-11-нд ОХУ, Беларусь улсад ажиллахыг зөвшөөрч, ажиллах удирдамжийг баталлаа.

· Энэ сарын 25-нд цахимаар зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын зургадугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

Related news