Ази, Номхон далайн бүсийн бага хуралд зориулсан үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-22 16:13:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн 36 дугаар бага чуулга уулзалтыг ирэх 3 дугаар сард зохион байгуулна.


Чуулга уулзалтад амжилттай, үр дүнтэй оролцох зорилгоор Үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. ХХААХҮЯ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын үндэсний хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр мал аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогодоо тодорхой зорилтыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн, E-agriculture буюу цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч байгаа аж.


Ази, Номхон далайн бүсийн 36 дугаар бага хурлаар тус бүсийн болон гишүүн орнуудын тэргүүлэх чиглэл, цар тахлын нөлөө, хүнсний аюулгүй байдал, шим тэжээл, хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн менежмент зэрэг салбарт тулгамдаж буй сорилтыг хэлэлцэнэ. Мөн бүс нутгийн хэмжээнд хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийг сайжруулахад шаардлагатай хамтын ажиллагаа, шинэ санаачилга, цахим технологи нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжийг ярилцана.


Цар тахлын улмаас НҮБ-ын ХХААБ-ын бүсийн чуулга уулзалтууд сүүлийн 2 жил цахимаар болж байсан бол энэ удаад цахим болон биеэр оролцох хэлбэрээр болох юм. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-д “Хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилт тусгасан. Энэ талаар болон уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох асуудал хүнс-хөдөө аж ахуйн системийн хувьд улс орон бүрд, Ази, Номхон Далайн бүс нутагт ч ихээр яригдаж байгааг тус яамнаас мэдээлэв.  


Өнөөдрийн уулзалтад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. 

Related news