Холбоо, сан гадаадын тусгай албанаас хандив авахыг хориглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
УИХ Төрийн бус байгууллагын тухай бие даасан хуулийг 1997 онд баталсан. 24 жилийн хугацаанд нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагууд сангийн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлт гарч байна. Энэхүү өөрчлөлтийн дагуу ТББ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, тусгайлан ТББ-ын хэлбэр тус бүрээр буюу холбоо, сангийн зохицуулалтыг нарийвчлан хийх шаардлага үүссэн тул уг хуулийг боловсруулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд өргөн барьсан юм.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт сангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг ерөнхий байдлаар зохицуулсан, нарийвчлан зохицуулаагүй, энэ хуулиар зохицуулах боломжгүйн зэрэгцээ эрх зүйн шинэчлэлээс хоцорч, улмаар зохицуулалтын хувьд бусад хуультай уялдахгүйд хүрсэн байна. Мөн ФАТФ-ын 8 дугаар зөвлөмж, 1 дүгээр шууд хэрэгжилтийн дагуу 2020 оны 3- 6 дугаар сард хийсэн Монгол Улсын ашгийн бус байгууллагын салбарын терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээгээр тэдгээрийн эрсдэл нь 0.46 оноо буюу дунджаас доогуур байна. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 онд нийт 19 260 гаруй ТББ бүртгүүлснээс 366, 2019 онд 21 040 бүртгүүлснээс 406 ТББ үйл ажиллагааны тайлангаа ирүүлсэн байдаг. Төрийн бус байгууллагын тухай хуулиар сангаас бусад нь дүрэмдээ заагаагүй бол үйл ажиллагааны тайланг олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэггүй, зөвхөн тайланг хуульд заасан бүртгэлийн байгууллагад илгээх үүрэг хүлээж байна.
Тогтвортой, үр дүнтэй, хариуцлагатай ТББ-ыг хөгжүүлэх, тэдэнд үзүүлэх олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэхэд ТББ ялангуяа сан нь өөрөө олон нийтэд нээлттэй байх зарчим чухал ч өнөөгийн байдлаар сангийн тайлагнах үүрэг, журмыг хангалттай үр нөлөөтэй байдлаар зохицуулж чадаагүй байна. Иймд Төрийн бус байгууллагын тухай хуулийг Иргэний хуулийн суурь зохицуулалт, нэр томьёонд нийцүүлэн ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг төрөл болох сангийн зохицуулалтыг тусгайлан нарийвчлан зохицуулахаар Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан уг хуулийн төслийг боловсруулжээ. Уг хуулийг баталснаар ашгийн төлөө бус хуулийн этгээдийн нэг хэлбэр болох сангийн ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилж, нарийвчилсан зохицуулалттай болно. Хувийн болон нийтийн сан нь татвар төлөгчөөр татварын байгууллагын бүртгэл, хяналтад орсноор ашгийн төлөө бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа эрхэлж байгаа санг ялгах, хариуцлага тооцох боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзэж буй юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ашгийн төлөө бус санд өгч буй хандиваас татвар авахгүй байх зохицуулалт тусгасан эсэхийг тодрууллаа. Нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж өгсөн хандивыг татвараас чөлөөлөх боломжтой бөгөөд үүнийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед тусгах боломжтой гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Солонгоо онцлов.
Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат хуулийн төслийг дэмжиж байгаа ч зарим зохицуулалт дутуу байна хэмээн шүүмжлэв. Тэрбээр, аливаа сан гадаадын байгууллагаас хандив тусламж авах асуудлыг хэрхэн зохицуулсныг тодрууллаа. Аливаа холбоо, сан нь гадаадын тусгай алба болон түүний халхавч байгууллага эсхүл үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүнээс санхүүжилт авахыг хориглож байгаа. Ийм байгууллагын жагсаалтыг ТЕГ, ЦЕГ гаргана гэдгийг хуулийн төслийн ажлын багаас мэдээлэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сайн дураараа нийгэмд тустай үйл ажиллагаа явуулж буй сан, байгууллагыг дэмжсэнээр төр хийж чадахгүй байгаа халамжийн олон асуудлыг шийдвэрлэх боломжтойг хэллээ. Ингэхдээ сайн дурын ажил хийсэн хугацааг ажилласан жилд тооцох, татварын бодлогоор дэмжих хэрэгтэйг онцолсон юм.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг хуулийг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй уялдуулах шаардлагатай тул УИХ дахь МАН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга хүлээн авлаа.
Чуулганаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Related news

