С.Энхболд: Нэгдүгээр сард дэлхий нийтэд омикроны маш том давалгаа үүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-28 19:56:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "КОВИД-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  


Хуулийн төсөлд цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:

Хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийг дуустал сунгах;

Тус хуулийн 7.1.2-т заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай санхүүжилтийн зохицуулалт хийх Засгийн газрын бүрэн эрхийг тус хуульд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн төсөвт тодотгол хийх замаар УИХ шийдвэрлэхээр зохицуулсан 7.2 дахь заалтыг хасахаар тусгажээ.


Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсад коронавирусний омикрон хувилбар орж ирэх эрсдэл ямар байгааг тодруулав. Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар 117 оронд бүртгэгдээд байна. Уг хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов. Тэрбээр, “Дэлхий нийтэд ирэх оны нэгдүгээр сарын сүүл үед дэлхий нийтэд Омикроны маш том давалгаа үүснэ. Бид үүнд бэлтгэж байгаа” гэлээ.


Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг уг хуулийн хэрэгжих хугацааг одоо 6 сараар сунгахыг дэмжиж байгаа, гэхдээ үүнээс хойш дахиж сунгах ёсгүй гэсэн санал хэлэв.


Ийнхүү хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Related news