Гааль, НӨАТ-ын хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-23 15:43:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-нд Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах боломж бүрдсэн. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдсэн орсон. Хэлэлцээр нь цэргийн зориулалттайгаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн болон худалдааны татвар, хураамжаас чөлөөлөх зорилготой.


Монгол Улсын тухайд Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийх юм байна. 


Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Related news