Прагаас шууд нислэг үйлдэн Улаанбаатарт газардлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Прагаас Улаанбаатар хүрэх 7.299 км урт шууд нислэгийг Денис Гибадулин, Герхард Вакенхүт нар амжилттай гүйцэтгэж, өчигдөр 18.31 цагт газардлаа.
Нислэгийн явцад ОХУ-д 5 удаа зогсжээ. Хоёр нисгэгчийн бүрэлдэхүүнтэй Шарк онгоцны баг агаарт 29 цагийг өнгөрөөж, дунджаар 252 км/цаг хурдалсан байна. Агаарын хөлгийн бүртгэлийн ОК-AUR 71 дугаар нь Чех, Монголын дипломат харилцаа тогтоосноос хойших 71 жилийг бэлгэджээ. Түүнчлэн онгоцны их биеийн дизайныг зураач, уран бүтээлч Л.Амарсанаа Монголын гоо үзэсгэлэн, үлгэр домгийн сэдвийг шингээн бүтээсэн байна. Шарк онгоцны зүлгэн зурваст газардах чадвар, мөн 300 км/цагийн хурд, автомашинд ашигладаг ердийн 95/98 шатахуунаар нэг дор 2500 км хүртэлх зайг туулах хүчин чадалтай зэргээрээ тус онгоц Монголд хамгийн тохиромжтой агаарын хөлөг аж.
“Чех улс нь ерөнхий зориулалтын нисэхийн зах зээл хөгжсөн орнуудын нэг. Хүчин чадалтай хэт хөнгөн агаарын хөлгийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Шарк нь тус улсын нисэхийн салбарын 100 гаруй жилийн туршлага, хөгжлийн шинэхэн төлөөлөл юм. "Шарк" онгоц Монголд шинээр хөгжиж буй ерөнхий нисэхийн салбарт асар их боломж, авчирна" гэж Герхард Вакенхүт тэмдэглээд, "Шарк онгоц Прагаас Улаанбаатарт нисэж ирсэн нь тус онгоцны чадал чансааг нотоллоо" хэмээжээ.
Герхард Вакенхүт нь Монголд амьдардаг Германы иргэн бөгөөд
бизнес эрхлэхээс гадна их сургуульд лекц уншдаг. Тэрээр олон зуун цагийн
нислэгийн туршлагатай нисгэгчийн хувиар Шаркын Монгол дахь шинэ албан ёсны төлөөлөгчөөр ажиллах юм.
Харин Денис Гибадулин нь "Шарк" онгоцыг Хойд Америк, Европын орнууд, Ойрх Дорнод, Ази тивд нийлүүлдэг "Шарк.аэро" компанийн захирал бөгөөд Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байгаа. Өмнө нь иргэний нисэхийн салбарт туршлага солилцох, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой Чех Улсын Засгийн газрын худалдааг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ирж байв.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын нээлтийн үеэр тус онгоцыг танилцууллаа. Шарк нь цуваа хоёр суудалтай, шилэн бүхээг, автомат жолоодлого, дээд зэрэглэлийн тав тухтай кабинтай, хүчин чадал бүхий хэт хөнгөн агаарын хөлөг юм. Шинэлэг загвар, аэродинамик, орчин үеийн технологи нь тус онгоцыг хамгийн өндөр 300 давсан км/цагийн хурдтай, 2500 км хүртэлх алслалттай, 12-оос дээш цаг тасралтгүй нисэх чадвартай, 100 км-т 7 литр 95/98 бензинээр нисэх хүчин чадалтай болгожээ.
Шарк нь нутаг дамнасан хурдан нислэг үйлдэх, эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, тандалт, хайгуул хийх, сургалтад ашиглах зэрэг олон үүрэг даалгавар гүйцэтгэх хүчин чадалтай. Яаралтай үед нисэх онгоцны аврах систем нь нисэх онгоцыг бүхэлд нь нисгэгчдийн хамт аюулгүй газардуулах шүхэртэй аж.