Э.Бат-үүл: Төрийн албыг арилжаа наймааны хэрэгсэл болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-27 11:12:15

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит бус зөвлөлгөөнөөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийв.

Тэрээр “МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй түүний зөвлөх А.Ганбаатар нарын бичлэгийг хуулийн байгууллагаар шалгуулж, заавал хариуцлага ногдуулах ёстой гэж үзэж байна. Төрийн албыг арилжааны хэрэгсэл болговол тусгаар тогтнол, Үндсэн хуульт ёс алдагдана. Тэд ер нь юу ярьж байгаагаа ч ойлгохгүй байх шиг байна. Ийм даварсан, бурангуй, ёс зүйгүй үйлдэл нь төрд итгэх ард түмний итгэлийг хөсөрдүүлэх аюултай. Тэд энэ бичлэгээ хуурамч эвлүүлэг гэж байна. Үнэхээр хуурамч юм бол эх бичлэгээ яаралтай ард түмэнд үзүүлэх ёстой” гэлээ.Мөн төрт ёс, хууль ёсны талаар наад захын мэдлэггүй энэ бусармаг хүмүүсийн гайтай үйлдлээс шалтгаалж улс оронд тогтворгүй байдал үүсэх ч магадлалтай. Учир нь бусад намууд хэрвээ сонгуульд МАН ялбал сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг мэдэгдэл хийж эхэллээ. Үүнээс шалтгаалан иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудад үүрэг болголоо.
Мөн Э.Бат-Үүл “Би нийслэлийн Засаг даргын хувьд төрийн албыг үнэлж зарж байгаа энэ ичгүүр сонжуургүй албан тушаалтныг хууль хяналтын байгууллагад заавал шалгуулж, хүлээлгэх хариуцлагыг ногдуулна. Энэ бусармаг явдалтай хэзээ ч эвлэрэхгүй. Монгол төрийн түүхэнд ийм шившигтэй санаархал гарч байгаагүй юм шүү” гэв. Тэрээр төрийн албыг арилжихыг санаархсан энэхүү үйлдэл нь олон мянган эгэл жирийн, шударга албан хаагчийн нэр төрийг сэвтүүлсэн үйлдэл боллоо. Би нийслэлийн засаг захиргааны ажилтнууддаа улс төрийн ямар нэгэн ялгаварлалгүй, ёс бус шаардлага тавихгүйгээр ажиллаж ирсэн. Тэд ч хоёргүй сэтгэлээр нийслэлийн энэ их бүтээн байгуулалтын “мотор” нь болж ажилласан. Тиймээс би бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа нийслэлийн Засаг даргын хувьд энэ хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
 

Related news