Байнгын хороо Зээлийн хэлэлцээрийн төслүүдийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны Зээлийн хэлэлцээр (Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Зээлийн хэлэлцээрийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав. Төсөл нь Гудамж, замуудын цогц шинэчлэлт, Нийтийн тээврийн системийн шинэчлэл, Зам, тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлагын институцийн чадавхыг бэхжүүлэх, зураг төсөл, ТЭЗҮ судалгааны ажил болон Магадлашгүй, онц байдлын хариу арга хэмжээ гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж, таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Уг төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлттэй холбоотойгоор нийт 10 сая ам.доллартай тэнцэх хэмжээний зардлыг төсөл хэрэгжүүлэгч байгууллага шийдвэрлэнэ. Зээлийн хүү нь LIBOR 6 сар 0.15 хувь + хувьсах хүү 0.93 хувь байх ба ашиглагдаагүй үлдэгдлийн нийт дүнд тооцох хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл жилийн 0.25 хувь, нэг удаа авах үйлчилгээний хураамж 0.25 хувь байна" гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Доржханд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, Т.Доржханд нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь зээлийн хэлэлцээрийг төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзэж, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр болов.
Үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг тэмцэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгаа юм.
АДБХОБ-ны 21 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хүү 0.16 хувь хувьсах тархалтын хувь 0.63, эргэн төлөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байна гэж танилцуулгад дурджээ.
Төслийн эх үүсвэрийн 50 хүртэл хувиар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Вероселл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх юм байна. Түүнчлэн төслийн хамтарсан санхүүжилт болгож АХБ-аас 19 сая ам.долларыг олгохоор зээлийн хэлэлцээрийг байгуулжээ. Үүнээс гадна АХБ-ны дэргэдэх Ядуурлыг бууруулах Японы сангийн 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтад шаардлагатай хувийн хамгаалах болон бусад хэрэгсэл, PCR шинжилгээний 10 лабораторид шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж худалдан авч, суурилуулахаар тохироод байгаа аж.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувь нь зээлийн хэлэлцээрийг төслийг зөвшилцөж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.