Наадмыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-06-25 12:18:33

Үндэсний их баяр наадмыг угтаж өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж байна.

Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдсэн засвар, тохижилтын ажлуудыг дуусгаж, үлдэгдэл хог хаягдал, шороо чулууг цэвэрлэх, гудамж талбайн хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шонг угаан, аж ахуйн нэгж, иргэд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж байгаа юм.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээнд нийслэл, дүүргийн харьяа хэлтэс, алба, газрууд оролцож байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажилд хяналт тавих Хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулагдсан 22 ажлын хэсэг, нийтийн инженер хангамжийн байгууллагууд, хөндлөнгийн хяналт тавих төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд цэвэрлэгээнд оролцож байгаа юм.     

Мөн зуслан, ногоон бүсийн зам дагуу болон уулын бэл, модон дотор үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн 50 м орчмын цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарч, Нийслэлийн авто замын газар авто замын засварын ажлаас гарсан хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд хяналт тавьж байгаа аж.

Н.Туяа

Related news