Архангай аймгийн гурван сумын 54.7 мянган га газрыг тусгай хамгаалалтад авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулах талаар тусгажээ. Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачны голын дагуу Далтын нуруу орчим ураны орд байдаг тул ашигт малтмал хайх, олборлох, байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын ус бохирдуулах зэрэг сөрөг үр дагавар гарч, нуггийн оршин суугчдын эрх ашгийг хөндөж болзошгүй нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан энэ газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх зорилготой аж. Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумд нь хүн, малын төвлөрөл ихтэй, нэг сая орчим мал нутагладаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын гол түшиц бүс нутаг юм.
Дээрх газрыг улсын байгалийн нөөц газрын сүлжээнд хамруулснаар талбайн хэмжээ 54.766 га орчим талбайгаар нэмж, тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын зөвшөөрлийг цуцлах юм.