Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд QR код олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-05-05 22:40:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-наас 18 чиглэлээс бусад төрлийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулж хэвийн горимд шилжүүлэх журмыг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр танилцуулахдаа сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Коронавирусний вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдэд гэрчилгээ олгох уу?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцины хоёр тунд хамрагдсан иргэдэд QR код олгож, үйл ажиллагаа нь нээлттэй байгууллагуудаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ асуудлыг эрдэмтдийн судалгаа, мэргэжлийн байгууллагын зөвлөмжид үндэслэн УОК-ын 21, 31 дүгээр журамд нэмэлт, өөрчлөлт оруулан тусгасан.


-Вакцинд хамрагдах боломжгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэдийн нийгмийн харилцаанд оролцох асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Вакцин хийлгэх боломжгүй хэсэгт жирэмсэн хүмүүс багтаж байгаа. Одоогоор 54 мянга орчим жирэмсэн хүн байна. Коронавирусний вакцин бол шинээр гараад удаагүй тул жирэмсэн эмэгтэйд хийж болох эсэх талаар албан ёсны дүгнэлт гараагүй.


-Жирэмсэн эмэгтэйчүүдээс гадна эрүүл мэндийн бусад шалтгаантай хүмүүст хийх боломжгүй гэсэн мэдээлэл бий?

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Мэдрэлийн хүнд эмгэгтэй, унадаг, татдаг хүмүүст хийж болох эсэхийг судалж байгаа.

Related news