Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-02 10:34:36

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сан банкуудтай байгуулсан гэрээний дагуу энэ оны 8 дугаар сарын хүү болох 8.9 тэрбум төгрөгийн орлогыг хүлээн авлаа. 


Өмнө нь 5,6,7 дугаар сарын хүү болох 26.1 тэрбум төгрөгийг хүлээн авсан бөгөөд одоогоор нийт 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлого хүлээн аваад байна. Энэ хадгаламжийн хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм.


Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоо хийж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж, банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулаад байгаа юм. 



Нийгмийн даатгалын ерөнхий хуульд тус сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн баталсан билээ.

Related news