Эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь тэмцээнд П.Орхон, Б.Шоовдор нар хүч үзэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр Польш улсын Спала хотод эмэгтэй чөлөөт бөхийн ХХ дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээнд эхэллээ.
Тэмцээний сонгомол барилдаан, эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд нийтдээ Азербайжан, Алжир, АНУ, Армян, Беларусь, БНСУ, БНХАУ, Болгар, Гвиней-Биссау, Голланд, Египет, Иран, Казахстан, Камерун, Киргиз, Колумб, Куба, Латви, Марокко, Молдав, Монгол, Норвег, Польш, ОХУ, Румын, Сенегал, Словак, Тунис, Турк, Узбек, Украин, Унгар, ХБНГУ, Швед, Эквадор, Япон зэрэг 36 орны бөх оролцож байна.
Тэдний дотор олимпийн наадмын эрхээ авсан олон бөх байгаа бөгөөд өнөөдөр эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг жингийн барилдаанууд болно. 60 кг-д 5 бөх нэрээ өгсөн болохоор бөхчүүд хоорондоо тойргийн журмаар барилдана. Эхний тойрогт ОУХМ П.Орхон /“Алдар” спорт хороо, ШУТИС, үндэсний шигшээ баг/ Польшийн бөх Жовита Вржесейнтэй, ОУХМ Б.Шоовдор /”Цастын барс” клуб, үндэсний шигшээ баг/ Польшийн бөх Катарзина Матковскитэй барилдана.
69 кг-д 8 бөх барилдахаас гавьяат тамирчин О.Насанбурмаа /”Хүч” спорт хороо, үндэсний шигшээ баг/ нэгдүгээр тойрогт Украины бөх, дэлхийн аварга Алёна Махинятай таарч ОУХМ Ш.Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт Египетийн бөх Мостафа Юсеф Енастай хүч үзнэ.
Маргааш 58 кг-д Японы алдарт бөх Каори Ичо, 63 кг-д АНУ-ын бөх, дэлхийн аварга Е.Пирожкова, Украиний бөх, дэлхийн аварга Ю.Ткач, Азербайжаны бөх, дэлхийн аварга Юлия Раткевич нар барилдах юм. П.Орхон жин өгсөн 60 кг-д барилдаж байгаа нь манай дасгалжуулагчдын тактикын шийдвэр юм.
Д.Өлзий