ХБНГУ-ын Биотехнологийн компани халдварын эсрэг эмнэлзүйн туршилт эхлүүлэх зөвшөөрөл авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс орнуудын коронавирусний нөхцөл байдлын талаарх мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
ДЭМБ-ын мэдээлснээр,
Африк тив, Төв болон
Өмнөд Америкт халдвар улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. ДЭМБ-ын тооцоолсноор Африкийн зарим улсад
өнгөрсөн долоо хоногт халдварын тархалт 250-300 хувиар нэмэгджээ. Африкийн бүсэд лабораторийн шинжилгээгээр халдварын
батлагдсан тохиолдлын тоо 16 мянга
гаруй байгаагаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Алжир зэрэг
улсад халдварын тохиолдол өндөр байна.
ДЭМБ-ын Европын бүс ОХУ, Турк, Беларусь улсад халдвар
нэмэгдсэн хэвээр байна.
БНТУ-д
өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын шинэ тохиолдол 3 083, нас баралт 117
бүртгэгджээ. Турк улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 100 мянгад дөхөж
байна.
Итали улсын Иргэнийг
хамгаалах газрын мэдээлснээр тус улсад халдварын шинэ тохиолдол 3 300 гаруйгаар
нэмэгдэж, 437 нас баралт бүртгэгджээ.
Испани улсад шинээр
435 хүн нас баржээ. Итали,
Испани улсад халдварын шинэ тохиолдол болон нас баралтын тоо маш удаан буурч
байгаа байдал ажиглагдаж байна.
АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2 751 хүн нас барж, эндэглийн тоо 44 мянга гаруй болжээ. Тус улсын Нью-Йорк муж
улс хөрш зэргэлдээ Нью Жерси, Коннектикут муж улстай хамтран батлагдсан
тохиолдлуудын хавьтлыг тогтоох ажлыг далайцтай эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Одоогийн байдлаар энэ ажлыг гүйцэтгэх 700 гаруй мянган ажилтан байгаа бөгөөд
нийтдээ 35 мянга гаруй оюутныг хамруулан
ажиллуулж байж гүйцэтгэх боломжтой аж. Лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын ойрын
хавьтлуудыг тогтоон илрүүлж, гэрийн хорионд оруулах, шинжилгээ хийх ажлыг Майкл
Блүүмбергийн сантай хамтран зохион байгуулах аж.
ХБНГУ-ын
Биотехнологийн компани “COVID-19” эсрэг вакциныг гарган авч, хүний биед турших эмнэлзүйн туршилтыг эхлүүлэх
зөвшөөрлийг тус улсын эрх бүхий байгууллагуудаас авсан байна. Туршилтын эхний
шатанд 18-55 насны харьцангуй эрүүл 200 хүнийг хамруулах ба амжилттай болсон
нөхцөлд хоёр дахь шатанд эрсдэл өндөр бүлгийнхнийг хамруулж туршилтын ажлыг үргэлжлүүлэх
аж.
Ази Номхон далайн
бүс нутгийн парламентичдын Дэлхийн эрүүл мэндийн форум гэсэн механизм байдаг.
Энэ хүрээнд Ази Номхон далайн бүс нутгийн 30 гаруй улсын парламентчид өнөөдөр цахим
хурал хийж, коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдал болон дээрх
улсуудын үндэсний хууль тогтоомж дахь халдварт өвчинтэй тэмцэх хууль тогтоомжийн
өнөөгийн байдал, шинэчлэн боловруулах шаардлагатай асуудлуудыг авч хэлэлцэнэ. Энэхүү
форумд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар оролцох аж.