"Интермед" эмнэлгийн өвчтөнийг түргэн оношлуураар шинжлэхэд эерэг хариу гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөөний
5 цагт Интермед эмнэлгээс ирүүлсэн нэг сорьцыг ХӨСҮТ-ийн төв лабораторид шинжилж байна. Амьсгал бачууран,
сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгалгаатай, 69 настай иргэнд түргэн оношлуураар
шинжилгээ хийхэд эерэг хариу гарчээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Халдвар судлалын буюу тандалт судалгаагаар гайгүй байх гэж тооцоолж байна. Өвчтөний хүүхэд нэгдүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 7-ны хугацаанд БНСУ-д зорчсоноос хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн. Одоогоор тухайн өвчтөнд үйлчилж байсан гурван хүнийг эмнэлэгт нь тусгаарласан. Интермед эмнэлэгт ХӨСҮТ-ээс зөвлөгөө заавар өгч, хянаж байна. Нарийвчилсан буюу PCR шинжилгээний хариу үдээс хойш гарна” хэмээв.
ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 341 хүнд шинжилгээ хийжээ. Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээс тандалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцод коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ сөрөг гарчээ.
Өнөөдрийн
байдлаар ХӨСҮТ-д 154 хүн эмчлүүлж байна.