Өгөдэй хааны хөрөг бүхий дурсгалын зоос гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-04-01 15:07:48

Их Монгол улсын хаан Өгөдэйн мэндэлсний 830 жилийн ой энэ онд тохиож байна. Эл тэмдэглэлт ойд зориулан Монголын зоос судлалын холбооны гишүүд, дэмжигчид санаачлан Монголбанкинд мөнгөн зоос захиалан хэвлүүлэх санал тавьсны дагуу Өгөдэй хааны хөрөг бүхий дурсгалын зоос худалдаанд гарлаа.

Энэхүү мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа өнөөдөр “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн танхимд болов. Дурсгалын мөнгөн зоосны нүүрэн талд нь Өгөдэй хааны өнгөт хөрөг, төр барьсан оныг дүрслэн харуулсан 38.61 мм-ийн диаметрт бүхий дүрсийг орчин үеийн технологиор бүтээжээ. 

925 сорьцтой, 25 грамм жинтэй цэвэр мөнгө зоос 10 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй. Нэрлэсэн үнэ гэдэг нь худалдаалах үнэ биш бөгөөд зоосны үнэ цэнийг илэрхийлдэг юм. Энэхүү мөнгөн зоос ингэж өндөр нэрлэсэн үнэтэйгээрээ зоос цуглуулагчдын сонирхлыг татаж байлаа. Харин эл мөнгөн зоосыг 125 мянган төгрөгөөр худалдаанд гаргах бөгөөд 2500 ширхэг хэвлүүлжээ.

Цаашид Монголбанкнаас 37 их хаадын цуглуулга бүхий мөнгөн зоосыг цувралаар гаргахаар төлөвлөжээ. 

Энэ үеэр Монголын зоос судлалын холбооны 25 жилийн ойг тохиолдуулан зоос цуглуулагч, сонирхогч 6 залуу хувийн дээжээс дэлгэн үзэсгэлэн гаргасан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


 

Related news