Тэтгэлэгт хамрагдах оюутнууд батламжаа гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-10 21:16:49
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын санаачилгаар хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнуудтай өнөөдөр аймгийн Засаг дарга гэрээ байгуулан, сургалтын төлбөрийн батламжийг гардууллаа. Тэтгэлэгт хөтөлбөрийг Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамтран хэрэгжүүлж байна. 
Орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнийг бэлтгэх, суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд хөшүүрэг болох, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах, дэмжих зорилгоор тус тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан нь улсын хэмжээнд анхдагч болжээ. 
Оюутнуудыг тэтгэлэгт хамруулахдаа амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой айл өрхийн, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан, нэр бүхий 14 их, дээд сургуулийн орон нутагт нэн шаардлагатай мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудыг сонгожээ.
Оюутан залууст хандаж аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр амжилт хүсч, цагийн юмыг цагт нь хийхийн чухлыг онцлоод, оюутан байх хугацаандаа өөрийн эрдэм мэдлэгийг дээшлүүлж, аймаг, орон нутагтаа хэрэгтэй хүн болохыг захив. Мөн аймгийн Засаг дарга Г.Батжаргал, 800 мянга, нэг сая 300 мянга, хоёр сая төгрөг гэсэн шатлалаар оюутнуудад тэтгэлгийг олгосныг дуулгаад, сурлагын амжилтаа ахиулж чадвал тэтгэлгийн хэмжээгээ дөрвөн жилийн туршид ахиулах боломж байгааг хэллээ.
Сонирхуулахад, Энэ жилийн тэтгэлгийн материалыг гурван сарын хугацаанд хүлээн авсан бөгөөд шинээр их, дээд сургуульд  элсэн орох 216,  2017 онд тус тэтгэлэгт хамрагдаж аймгийн ЗДТГ-ын даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу тэтгэлгийн хугацааг сунгах хүсэлтээ ирүүлсэн 42, нийт 258 иргэдийн материалыг ажлын хэсэг хэлэлцсэн байна. Дээрх иргэдийн материалыг хэлэлцээд нийт 143 оюутанд аймгаас тогтоосон жишиг дүнгээр 200 сая төгрөгийн тэтгэлэг олгож буй аж. Харин улирагч онд 74 оюутанд 120 сая төгрөгийн тэтгэлэг олгож байжээ.
                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ