Туркийн сөнөөгч онгоцууд Иракийн хил орчмын нутагт цохилт өгчээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-10 09:58:57

ТЕГЕРАН. /FARS/. Туркийн сөнөөгч онгоцууд Иракийн агаарын хилийг зөрчин, тус улсын хил орчмын нутагт цохилт өгчээ.

Туркийн сөнөөгч онгоцууд Иракийн агаарын хилийг зөрчиж, улстай нь хил залгаа Дахук мужийн аль-Имадия гэдэг газар цохилт өгсөн байна. Нүдээр үзсэн хүмүүсийн мэдээлснээр, бүтэн хагас цаг гаруй үргэлжилсэн агаарын цохилтыг Дейрлук болон Шилажи нутаг дахь Туркийн Курдистаны ажилчны намын /КАН/ байрлалд өгчээ.

Үүнээс гадна, Туркийн сөнөөгч онгоцууд мягмар гарагийн орой Иракийн курдуудын газар нутаг болох Кандиль хэмээх уулархаг бүс нутаг дахь КАН-ын бааз руу довтолсон байна.

Иракийн хойд нутгийн Найнава мужийн засаг захиргааны төв болох Мосул хотоос 30 км зайтай оршдог, нутгийн арабууд, туркуудын хүн амын суурин болох Башикт Курдын цэрэгжсэн бүлэглэлийн /пешмерг/ хуаранд 130 цэрэг, танкууд, их буунууд бүхий Зэвсэгт хүчнийхээ суманг Туркийн эрх баригчид энэ сарын 4-нд байрлуулсан билээ. Энэ хуаранд Анкарагийн эрх баригчид террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдод эзлэгдсэн хотууд руу довтлох зорилгоор цэргүүдийг сургаж бэлтгэж байгаа юм.

Иракийн Гадаад хэргийн яам Багдад суугаа Туркийн Элчин сайдыг 12 дугаар сарын 5-нд дуудаж, улсынхаа хойд нутаг дэвсгэрээс цэргүүдээ нэн даруй гаргахыг шаардсан байна. Анкара Багдадын эрх баригчидтай зөвшилцөлгүйгээр цэргүүдээ оруулсан гэж Иракийн Гадаад хэргийн яам мэдэгджээ. Мөн энэ өдөр Иракийн Ерөнхийлөгч Фауд Маасум  анги нэгтгэлээ нэн даруй гаргахыг Туркээс шаардаад, Анкарагийн үйлдлийг “олон улсын хэм хэмжээг зөрчсөн” гэж мэдэгджээ. Тэрбээр цэргүүдээ гаргахад 48 цагийн хугацаа өгсөн бөгөөд хэрэв гаргахгүй бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хандахаа үгүйсгээгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ