“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-09 16:59:16

Азийн сан Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран АНУ, Их Британи, Австрали, Дани, Болгар, БНХАУ зэрэг оронд 40 гаруй удаа амжилттай явуулсан Зөвлөлдөх санал асуулгыг “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” уриан дор  энэ сарын 12-13 нд Төрийн ордонд зохион байгуулах юм байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод анх удаа явагдах санал асуулгад иргэдийн саналыг бодитойгоор тусгаж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах Зөвлөх хороог байгуулжээ.
Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал, Профессор Жэймс С.Фишкин  хэлэхдээ, “Дэлхийн олон улсад амжилттай явагдаж, үр дүнгээ өгсөн Зөвлөлдөх ардчиллын суурь болсон зөвлөлдөх санал асуулгыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулга нь удирдлагууд өөрийн үзэл бодол, бодлогоо ард түмэнд тулгах бус тэдэнд танилцуулж, саналыг нь тусгаж өөрөөр хэлбэл төрийн бодлого олон нийтийн хоорондын зайг нөхөж өгдөг аргачлал юм. Энгийн санал асуулгаас огт ялгаатай. Санал асуулгад оролцогчдод илүү давуу тал, үр дүнтэй байдаг. Жишээ нь БНХАУ-ын орон нутагт явуулсан өөр санал асуулгад иргэдийн 70 хувь нь уг асуудлыг дэмжиж байсан бол зөвлөлдөх санал асуулгаар 28 хувь болж байх жишээтэй. Энэ нь олон нийт уг асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, анализ хийн бодитойгоор хариулт, санал өгсөнд байгаа юм” гэлээ.
Санамсаргүй байдлаар буюу түүвэрчилсэн аргаар сонгогдсон 400 иргэн Нэгдсэн хуралдаан, 3 бүлгийн хэлэлцүүлэгт оролцох аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ