Гурван багийн автозамын ажил эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-31 18:23:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн 2, 7, 9 дүгээр багт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Гэр хорооллын гурван баг харьяалагддаг Хөх толгой ормын тус газар нь олны дунд Галуутын хавцал нэртэй бөгөөд бороо орсны дараа үер буудаг, энхэл донхол замтай, жолоочийн "шандсыг сорьдог" газар юм.
Тэгвэл тухайн баг дундуур үерийн усны зайлуулгатай 2.7 км замын ажил эхлээд байна. Сангийн яамны харьяа "Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц" төслийн хүрээнд Баянхонгор суманд 12 км зам тавихаар харилцан тохирсны эхлэл болох 2.7 км зам нь энэ аж. Тус зам нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн төсөвтэй ба энэ онд нэг тэрбум төгрөг батлагдсан бол ирэх онд үлдсэн санхүүжилт орох юм байна.  Энэ жил далангийн ажил, ирэх жил хучилтын ажил хийгдэж орон нутагт хүлээлгэн өгөх бөгөөд гүйцэтгэгчээр "Өсөх урам" ХХК ажиллаж байна.
Сонирхуулахад, Тухайн нутаг дэвсгэрт 2.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр үерийн далангийн ажил хийгдэх юм байна. Энэ онд 500 сая төгрөг батлагдсан бөгөөд Барилга хот байгуулалтын яам дээр зарласан тендерт маргаан гарч, гүйцэтгэгч тодроогүй байгаа ч энэ ондоо ажил нь эхлэх аж.

                                                                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ