ХСИС-ийн сонсогчид цэргийн тангараг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-08-30 13:29:39
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн гавьяаны улаан тугын одонт ХСИС-ийн 2018-2019 оны хичээлийн жилд элсч буй 300 орчим сонсогч өнөөдөр сургуулийнхаа жагсаалын талбайд эр цэргийн тангараг өргөж, сонсогчийн мөрдэсээ зүүв.

Энэ хичээлийн жилд тус сургуулийн босго онооны болзлыг хангаж бие бялдрын шалгалтыг давсан  сонсогчид цэргийн анхан шатны мэдлэг олгох хээрийн сургалтад 30 хоног хамарчээ.
Уг ёслолын арга хэмжээнд  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан, ХСИС-ийн захирал Ө.Энхтөр болон эцэг эхийн төлөөлөл, хамтын ажиллагаатай АНУ, Вьетнам улсын Цагдаагийн сургуулийн багш нар оролцов.

Тус сургуулийн төгсөгч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан , “Миний бие 1983 онд яг энэ талбайд тангараг өргөн зогсож байснаа санаж байна. Манай сургуулиас маш олон алдартан төрсөн байдаг. Та бүхэн сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж яваарай" гэв.



ХСИС-ийн захирал Ө.Энхтөр, “Шинэ элсэгчдийн тангаргийн баярт хүрэлцэн ирсэн гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье. Манай сургуулийн босго оноо, сорилыг давж, цэргийн анхан шатны бэлтгэлийг амжилттай дүүргэн өнөөдөр сонсогчийн мөрдэсээ зүүж буй та бүхэнд халуун баяр хүргэе. Монгол Улсынхаа амар тайван байдлыг хангахаар зориг шулуудсан та бүхнээр бахархаж байна. Өнөөдрөөс эхлэн  та нар эр цэргийн тангарга өргөсөн эх орны хөвгүүд боллоо" гэв. 

2018-2019 оны элсэлтийн суурь шалгалтын оноо 500-580, хавсарга шалгалтын оноо 480 болон өндөрсөж бакалаврын 12 хөтөлбөрөөр нийт 300 гаруй сонсогч тус сургуульд элссэн байна. 
С.Мөнхбаатар

Холбоотой мэдээ