АХБ нийслэлийн гэр хорооллыг эко хороолол болгоход дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-08-28 18:12:48
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, амьдрахад таатай эко хороолол болгон хөгжүүлэхээр 80 сая ам.долларын зээлийн төслийг баталсан байна.

Азийн хөгжлийн банк НЗДТГ, Уур амьсгалын ногоон сантай хамтран “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Дээрх төсөл нь нийт 570.1 сая ам.долларын өртөгтэйгээр 2026 оныг дуустал хэрэгжүүлэх тооцооллыг гаргажээ.

АХБ-ны Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арно Хекман ярихдаа,”Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хатуу хог хаягдлын менежмент хангалтгүй, ус хангамж хязгаарлагдмал хөрс, орчны бохирдолтой орчинд буюу гэр хороололд амьдарч буй юм. Мөн халаалт болон эрчим хүчний зориулалтаар түүхий нүүрс, био түлшийг их хэмжээгээр хэрэглэдгээс нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалт ихэсч, ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна. Улаанбаатар хотын гэр хороололд оршин сууж буй 850 мянга орчим хүн өнөөдөр хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд хамрагдаж чадаагүй байна. “Нийтийн аж ахуйн үйлчилгээнд холбогдсон, ногоон орчин бүрдсэн, төрөл бүрийн үйлчилгээ болон ажлын байр хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй 20 орчим эко хорооллыг энэхүү төслөөр санхүүжүүлэх бөгөөд ингэснээр төслийн үр шимийг шууд хүртэн “ногоон” орон сууцанд орох 10 мянган оршин суугчийг оролцуулаад нийт 100 мянга орчим иргэний амьдрах орчин сайжрах юм” хэмээн онцлов.

Энэхүү төсөл нь гадны нөлөөнд өртөмтгий, стандартын шаардлага хангахгүй, агаар, орчныг ихээр бохирдуулагч гэр хорооллуудыг төлбөрийн чадварт нийцсэн, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрахад таатай эко хорооллууд болгон өөрчлөх тогтвортой бөгөөд цогц шийдлүүдийг агуулсан томоохон ажил болно гэдгийг АХБ-наас тодотгосон юм.

 Улмаар төслийн хүрээнд авто зам, цэвэр, бохир ус, дулаан хангамж зэрэг үндсэн дэд бүтэц нь шийдэгдсэн 1500 айлын түрээсийн орон сууц баригдах бөгөөд эдгээр орон сууцууд нь хот, суурин газарт тохирсон хүлэмж, нийтийн болон ногоон байгууламжууд, төрийн үйлчилгээ, сэргээгдэх эрчим хүчний хяналтын ухаалаг систем болон нарны эрчим хүчний дээврийн хавтан зэрэг шийдлүүдийг багтаасан байна. Тодруулбал дээрх эко хотын 18 хувьд нь нарны дээврийн хавтан байршуулахаар төлөвлөжээ. Төслийг Сэлбэ, Баянхошуу орчимд хэрэгжүүлэх бөгөөд эндхийн айл өрхүүд  хашааны газраа орон сууцаар солих боломж бүрдэх юм байна.

Дээрх төслийн хүрээнд Уур амьсгалын ногоон сангаас Монгол Улсад олгох 95 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламж болон Өндөр түвшний технологийн сангаас олгох 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох юм байна.  Уур амьсгалын ногоон сангаас олгож буй зээлийн эх үүсвэрээс 75.7 сая ам.долларыг Эко хороолол, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны санд хуваарилах бөгөөд тус сан нь арилжааны банкуудаар дамжуулан барилгын компаниудад урт хугацааны зээл, иргэдэд бага хүүтэй орон сууцны зээлийг олгох аж. Зээл авсан барилгын компаниуд нь зээлийн хөрөнгөө төлбөрийн чадварт нийцсэн 5 500 айлын орон сууц болон зах зээлийн үнээр борлуулах 3 000 айлын орон сууц буюу нийт 8500 айлын орон сууцыг барихад зарцуулах юм байна. Үүнээс гадна 300 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг барилгын компаниуд, арилжааны банкууд, ирээдүйн оршин суугчид зэрэг оролцогч талуудаас босгохоор тооцоолжээ.
Холбоотой мэдээ