С.Пүрэвсамдан: Аврагчид анх удаа 4056 метрийн өндөрт гарч дадлага сургуулилт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-28 14:52:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/255 тоот тушаалаар “Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт”-ыг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр Алтай Таван Богд ууланд энэ сарын 20-25-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Тус дадлага, сургалтын ач холбогдол, үр дүнгийн талаар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаас тодрууллаа.

 - “Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт”-ыг тус аймагт анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
 - Тус аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутаг дэвсгэрт орших Алтай Таван Богд ууланд анх удаа олон улсын хэмжээний өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагааны сургалтыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрыг түшиглэн амжилттай зохион байгууллаа. Энэ дадлага, сургалтад ОХУ-ын Буриад Улсын Онцгой байдлын яамны аврагч, Уулын спортын мастер, сургагч багш Сергей Шереметьев, Буриад Улсын Уулын холбооны дэд ерөнхийлөгч Баяр Хандажалов,  Киргиз Улсын  Бишкек хотын орлогч дарга, дэд хурандаа Камчыбек Айтымбетов, Киргиз Улсын Аврагч бэлтгэх үндэсний төвийн ахлах багш, ахлах дэслэгч Бакыт Тогтогулов зэрэг албаны хүмүүс болон Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний анги, баруун аймгуудын Онцгой байдлын аврагчид гээд нийтдээ 98 хүн, 21 нэгж техник оролцлоо. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр дадлага сургалтын удирдагчаар ажиллалаа.
 


 - Тухайн сургалтын онцлог юунд байсан вэ?

 
Өмнө нь Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар өндөр ууланд аврах ажиллагааны сургалтыг бие дааж зохион байгуулдаг байлаа. Энэ удаад өндөр ууланд гамшиг, осол, аюулт үзэгдэл тохиолдсон үед эрэн хайх, аврах ажиллагааг хэрхэн хамтарч явуулах вэ гэдгийг гадаадын сургагч багш нар болон Монголын Уулын үндэсний холбооны мэргэжлийн уулчдын баг, Зэвсэгт хүчний дугаар ангийн уулын тусгай батальоны алба хаагчид зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр газар орон дээр нь зохион байгуулснаараа онцлогтой боллоо. Мөн сургалт даллагын үеэр олон улсын сургагч багш нар өөр өөрсдийн орны аврах ажиллагааны онцлогийн талаар сургалт явууллаа. Тухайлбал, техник, багаж, зэвсэг хүрэлцэхгүй үед, цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд гарын доорх материалаар аврах ажиллагааг хэрхэн зохион байгуулах, нэрвэгдэгсдэд туслах талаар өөрсдийн туршлагаасаа хуваалцаж мэдээлэл өгсөн юм.  
 
 - Аврагчид Алтай Таван Богдын үндсэн таван оргилын нэг Малчин оргилд гарч сургуулилт хийсэн байна, тийм ээ?
 

 - Монгол Улсын хамгийн өндөр цэг буюу далайн түвшнээс 4374 метрийн өндөрт орших "Хүйтэн" оргилтой зэрэгцэн орших "Малчин" оргилд нийт бүрэлдэхүүнээрээ авиралт хийж гарлаа. Өмнөх туршлагаас харахад аврагчдаас нэг доор хоёр удаагийн авиралтаар 118 хүн 4056 метрийн өндөрт гарсан түүх байхгүй юм байна. Энэ бол тухайн сургалтын бас нэг онцлог болж  байна.


 
 - Танай байгууллагын хувьд өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад шаардагдах багаж хэрэгслийн хүрэлцээ ямар байдаг вэ?
 
 - Өндөр ууланд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах үеийн хувцас, багаж хэрэгсэл нийт аврагч, алба хаагчдад өнөөдрийг хүртэл хангалттай биш байлаа. Тухайн дадлага, сургалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газраас баруун таван аймгийн эрэн хайх, аврах бүлгийн уулчин-аврагч нарт уулын аврах ажиллагааны иж бүрэн хувцас, багаж хэрэгсэл олголоо. Мөн энэ хувцас, багаж хэрэгсэл тухайн газар нутгийн онцлогт хэрхэн тохирч байна вэ гэдийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь үзэж харсан юм.   
 
 - Гадаадын сургагч багш нар манай аврагчдын ур чадварыг хэрхэн дүгнэсэн вэ?
 
 - Газар орон дээр нь ажилласан ОХУ, Буриад, Киргизийн сургагч багш нар Монгол Улсын онцгой байдлын байгууллагын албан хаагчдын ур чадвар өндөр түвшинд байна хэмээн үнэлсэн. Зөвхөн онолоор үзсэн хичээл, сургалтаас гадна монгол хүний амьдралын практик, ухаанаар гарын доорх багаж, хэрэгслийг нэрвэгдэгсдийг аврах ажиллагаанд ашиглаж байгаа нөхцөл байдлыг бас өндрөөр үнэлсэн юм. Түүнчлэн өндөр ууланд ажиллаж байгаа тэсвэр, хатуужлыг цохон тэмдэглэж байсныг хэлмээр байна.
 
 - Ийм олон улсын чанартай арга хэмжээнүүд цаашид үргэлжлэн зохион байгуулагдах уу?  
 
 - Оросын Холбооны Улс, Буриад, Киргиз Улсаас ирсэн сургагч багш нар энэ дадлага сургалтыг жил бүр зөвхөн Монгол Улсад зохион байгуулах биш, дараа дараагийн сургалтыг тухайн улс орнуудын газар нутагт хамтран зохион байгуулъя, оролцогч улс орнууд болон бүрэлдэхүүнийг нэмэгдүүлье хэмээн сургалтын үеэр ярилцсан байгаа.
 
 - Баярлалаа!






 

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ