БСШУСЯ энэ жил хамгийн олон бүтээн байгуулалт төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2018-08-03 11:24:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ 281 бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөв батлуулснаас дийлэнх хувь буюу 200 орчим ажлын эрхийг хөдөө орон нутаг, нийслэлд шилжүүлж гүйцэтгэл нь 80 орчим хувьтай яваа талаар мэдээлж байна.
Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогцолмаа мэдэгдэхдээ, “Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтын ажил төвлөрч байгаагаас бид яамны зүгээс нийслэлд 47, аймаг, орон нутагт 81 ажлын эрхийг шилжүүлээд байна. Хуучнаар ТӨХ буюу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 59 ажлын эрхийг шилжүүлж, ажлын гүйцэтгэлийн тухайд нийслэлд эрх нь шилжсэн бүтээн байгуулалт 55, орон нутагт шилжсэн ажлуудын гүйцэтгэл хамгийн өндөр буюу 93 хувьтай, төрийн өмчид очсон ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна” гэв.

Харин яамны тухайд 80 гаруй томоохон бүтээн байгуулалтын ажлыг өөр дээрээ авч үлдсэнээс гүйцэтгэл нь 87 хувьтай байгаа аж. Салбарын сайдын мэдэгдэж буйгаар дээрх ажлуудаас хамгийн эхэнд энэ хичээлийн шинэ жил эхлэх ирэх 9-р сарын 1 гэхэд 9 цэцэрлэгийг шинээр, 3 сургуулийн өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.Үлдэх бүтээн байгуулалтын ажлуудыг он дамнан хийж гүйцэтгэснээр 2019-2020 он гэхэд Засгийн газар хүүхэд багачуулыг 100 хувь цэцэрлэгээр хангаж, 3 ээлжээр хичээллэх сургуульгүй болох мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж дуусах аж.
Б.Болд
Холбоотой мэдээ