Лалын шашинтнууд АНУ-д ирэхийг хорихыг Трамп уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-08 13:15:23

ВАШИНГТОН. /Sputnik/. Конгресс арга хэмжээ авах хүртэл лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрэхийг хориглох хэрэгтэй гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд Бүгд найрамдах намаас өрсөлдөгч Дональд Трамп хэлэв.

“Төлөөлөгчдийн танхимын гишүүд учрыг олох хүртэл, лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрэхийг бүрмөсөн хорих хэрэгтэй” гэж кампанит ажлынхаа хүрээнд Трамп мэдэгджээ.

“Лалын шашинтай хүмүүсийн ихэнх” нь америкчуудыг үзэн яддаг болохыг санал асуулга харуулж буй бөгөөд АНУ-ын газар нутагт хэт давруу үзэлтнүүдийн халдлага нэмэгдэх аюултай гэж мэдэгдэлд дурджээ.

“Үзэн ядалт бидний ойлгох хүрээнээс давсан гэдэг нь янз бүрийн санал асуулгагүйгээр хэнд ч ойлгомжтой. Үүнийг ухаарч, шийдвэр гаргах хүртэл манай улс, зөвхөн жихад /дайсныхаа эсрэг ариун дайн дэгдээх үзэл/ үзэл санаанд итгэдэг, ёс зүйн ухамсаргүй, хүний амийг хүндэтгэдэггүй хүмүүсийн аймшигт халдлагын хохирогч болж болохгүй”  гэж Трамп хэлэв.

“Фашист ноёрхол руу шилжиж байна” гэж АНУ-Лалын шашны харилцааны зөвлөлийн албаны хүн Трампын мэдэгдлийн хариуд хэлсэн байна.

Калифорни муж улсын Сан-Бернардино хотод 14 хүнийг буудсан этгээдүүд “хэт давруу үзэлтэй” байсныг АНУ-ын Тагнан мөрдөх товчоо мэдээлсний дараа Трамп ийм мэдэгдэл хийжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ