АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Зүүн Өмнөд Азийн орнуудад айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-07-31 09:41:44
ВАШИНГТОН. /Анадолу/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх наймдугаар сарын эхээр Зүүн Өмнөд Азийн гурван оронд айлчилж, хоёр талын харилцаа болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудал хэлэлцэнэ гэж даваа гарагт тус улсын Төрийн Департамент мэдээлэв.

М.Помпео наймдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Малайз, Сингапур болон Индонези улсуудад айлчлах ажээ. Мөн Сингапурт болох Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны буюу АСЕАН-ы гишүүн орнуудын сайд нарын уулзалтад оролцох юм байна.

Тэрбээр наймдугаар сарын 2-3-нд Куала-Лумпурт, 3-4-нд Сингапурт, 4-5-нд Жакартад тус тус айлчлах ажээ. “Майк Помпео бүс нутгийн орнуудын удирдагчидтай уулзахдаа Умард Солонгосыг эргэлт буцалтгүй шалгах боломжтой байдлаар цөмийн зэвсгээс ангижруулах, Өмнөд Хятадын тэнгист хуульт ёсыг сахиулах хийгээд терроризмтэй тэмцэх зэрэг асуудлыг хэлэлцэнэ” гэж Төрийн Департаментын хэвлэлийн албаны төлөөлөгч Хезер Науэрт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Э.Хулан
 
Холбоотой мэдээ