Турк Улсын иргэн Вэйсел Акчайгийн асуудлаар АН-аас мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-28 08:29:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчайг Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хулгайлагдсан байж болзошгүй тухай мэдээлэлтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан бөгөөд Вэйсел Акчай /Veysel Akcay/ нь Монголд хууль ёсоор оршин суугаа Туркийн иргэн гэдгийг мэдэгдлийн эхэнд онцолсон байна.

Мөн, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2-р зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадуур гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг баривчлах, албадан саатуулах, өөр улс уруу шилжүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн, хүний хулгайн гэмт хэрэгт зүй ёсоор тооцогдоно. Гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэнийг Монголоос тухайн улс уруу шилжүүлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.5-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гагцхүү прокурорын саналыг харгалзан шүүх хэлэлцэж шийдвэрлэнэ. Иймд Монгол, Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчай Монгол Улсын нутаг дэвсгэрээс хулгайлагдаж, Турк улс уруу шилжүүлэгдэх гэж байгаа талаарх мэдээллийг яаралтай шалган тогтоож, Монгол Улсыг үл хүндэтгэсэн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ардчилсан нам нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, Монгол төрийн бие даасан байдал, хилийн халдашгүй байдлыг тууштай хамгаалж ажиллах болно" гэжээ.
Ч.Ариунболд

Холбоотой мэдээ